“Ирээдүйн Монгол 2013” хөрөнгө оруулалтын олон улсын яармагийг 6 сарын 19-21-ний өдрүүдэд ХБНГУ-ын “VР Мевзеп” компани манай улсад зохион байгуулахаар болжээ.
“Буянт-Ухаа” спорт цогцолборт болох яармагт дэлхийд алдартай 120 гаруй компани оролцох юм байна. Харин жижиг дунд үйлдвэрлэгчдийн сонирхлыг татаж байгаа энэхүү олон улсын яармагийн бэлтгэл ажил эхэлснийг тэмдэглэх албан ёсны уулзалт энэ сарын 15-ны 10:00 цагт “Хөх тэнгэр” зочид буудалд болно. Энэ үеэр Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Ирээдүйн Монгол 2013” яармагийн талаар мэдээлэл өгч, зохион байгуулагч, оролцогч, төлөөлөгчид санал бодлоо солилцох аж. Мөн “Монголын эрчим хүч 2013 бүтээлч сэтгэмж” чуулганы зохион байгуулагчид энэхүү уулзалтад оролцохоор болжээ. Эрчим хүчний чуулга уулзалт 6 сарын 17-18 нд “Хөх тэнгэр” зочид буудалд болох юм байна. “Ирээдүйн Монгол 2013” олон улсын яармагийн уулзалт арга хэмжээнд улс төр, бизнесийн төлөөлөл оролцоно. Олон улсын яармаг болон эрчим хүчний салбарын чуулганыг сонирхож буй хэн бүхэнд барилга, байгаль орчин, эрчим хүч, анагаах ухаан, уул уурхайн техник, технологи, төхөөрөмж, хэрэгслийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломж нээлттэй байгааг зохион байгуулагч ХБНГУ-ын “VР Мевзеп” компанийн төлөөлөгч онцолж байв.
Г.Сугармягмар

0 comments:
Сэтгэгдэл бичих