Эр хүний хамгийн гол хоёр чимэг нь хүч чадал ба ухаан юм. Харин энэ хоёрын аль нь илүү чухал болох тал дээр дүн шинжилгээ хийв.
Юуны өмнө хүч чадалтай эр, ухаантай эр хоёрын аль нь бүсгүйн харцыг түргэн булаах талаар судалжээ. Ханхар цээж, цамцан дороос товойх булчин шөрмөс нь эмэгтэй хүний харцыг шууд татдаг нь батлагдав. Харин ухаалаг эр эмэгтэй хүнтэй ойр танилцахаас нааш ухаантай гэдгээ батлах боломж тун бага байдаг тул энэ тал дээр хүч чадал ялжээ.
Хүч чадал ба ухааны төрөлхийн чанарын тал дээр мөн уралдуулав. Хамгийн сул дорой хүүхэд ч байнга дасгал сургууль хийвэл супер эр болж чаддаг жишээг Шварцнеггер харуулжээ. Харин оюуны төрөлх чадвар угаас муу бол ямар ч дасгал сургууль хийгээд нэмэргүй гэдэг нь батлагдсан. Бидний ташаагаар ойлгодог боловсрол нь хүнийг ухаантай болгодоггүй бөгөөд зөвхөн төрөлхийн ухаанаа ямар чиглэлд хэрэглэх замыг л зааж өгдөг байна. Энэ тал дээр мөн л хүч чадал яллаа.
Хүч чадалтай ба ухаалаг эрсийн аль нь баян тарган амьдардаг талаар мөн судлав. Өндөр үсэрч бусдыг унатал цохидог хүч чадалтай эрчүүдээс ганц нэг нь кино од болох гэх мэт замаар овоо мөнгө олж мэднэ. Гэвч хүч чадлыг ихэнхидээ ачаа үүрч зөөх, айлын зарц хийхэд хэрэглэдэг юм. Харин судалгаанаас үзвэл дэлхийн баячуудын 90 гаруй хувь нь тархи хэмээх саарал эдийн тусламжтай баяжсан байдаг. Энэ тал дээр ухаан ялав.
Хүч чадал ба ухааны түүхэн үүргийг мөн судалжээ. Хүч чадалтай эрчүүд хувийн түүхэндээ голдуу хөх толбо булдруутай явах ба харин хүн төрөлхтөний түүхэнд дайн байлдаан сүйтгэлээр тэмдэглэгдэнэ. Мэдээж ухаан нь хөгжил дэвшилийн хөдөлгөгч билээ. Энэ тал дээр ухаан ялав.
Хүч чадал ба ухааны аль нь найдвартай хадгалагддаг тал дээр судлахад хүч чадалд тулгуурлан амьдардаг эр нэг гэмтэл бэртэл аваад л дуусдаг. Дээр нь нас ахимагц хамгийн сул дорой нэгэн болно. Ухаалаг эрчүүдийн хувьд нас ахихад тархины элдэв өвчин тусах магадлал байдаг ч амьдралын хэв маягаа зөв зохицуулж чадвал амьсгаа хураах мөч хүртэл саруул сэтгэсээр байдаг нь батлагдсан билээ.
Ийнхүү ухаалаг эрчүүд амьдралд хавьгүй илүү болох нь батлагдав.
0 comments:
Сэтгэгдэл бичих