Сайн байна уу?
Тачигнан инээдэг, мөрөөдөл дүүрэн, гэнэн цайлган охин минь,
дурлаж хайрлаж, санаж ганцаардаж, хүлээж догдолсон дурласан бүсгүй минь,
хүүтэй болчихоод бүүвэйн дуу аялаад сууж байгаа залуухан ээж минь чи сайн байна уу?
Би чамайг хамгийн сайн мэддэг, хэнээс ч нуусан гэсэн нууцаа чи зөвхөн надад хэлдэг, хамгийн үнэнчээр бид ярилцаж чаддаг, хэний ч ойлгоогүй зовлонг зөвхөн бид л яг адилхан мэдэрдэг.
Гэтэл одоо л би чамд захиа бичихгүй бол болохгүй нь. Хүсэл мөрөөдөл, зүрхэн дэх гал эрмэлзэлээ мартаж байгааг чинь одоо л хэлэхгүй бол салхинд хийсч, зуу зуун мянган хүний хөшилдөн алхах тэр энгийн бүхэнд арчигдан арилах нь.
Одоо л бичиж амжихгүй бол өдөр бүрийн завтай хэрнээ завгүй амьдрал, хүүгээ сэрээд уйлах чимээнээр, хайртай хүнийхээ үнсэх үнсэлтэнд сатаарч орхиод мөддөө санахгүй.
Үнэнчээр хэлвэл бүсгүй минь чи ээж болоод эмэгтэй хүн гэдгээ бага багаар мартаж байна. Өдөр тутмын энгийн амьдралдаа маш хурдан дасал болж байна. Найз нөхөд, шинэ танилууд улам бүр чамаас холдоод, хийж бүтээнэ гэсэн оргилсон хүсэл чинь чиний дотор чимээгүйхэн дарагдсаар. Одоо чи надад таалагдахгүй байна. Урьд нь байсан тэр хүнийг би маш их санаж байна. Чи бид хоёр хоорондоо зөрчилдөж тэр байтугай чи миний хэлснийг сонсохыг хүсэхгүй болсон. Үнэн гэдгийг мэдсэн хэрнээ чи "би завгүй, би нялх хүүхэдтэй, өөрөөр яахын?" гэж өмөөрөх болсоноор зогсохгүй бид хоорондоо зөрчилдөж байгаа болохоор чи их ууртай болсон. Уур бухимдлаа бид хайртай хүндээ гаргах болсон, хамаг бурууг бусад руу чихдэг шинэ занг чи сурсан.
Би ойлгож байгаа, бүгдийг. Гэхдээ л чамд зав гаргах, хүсэл мөрөөдөл рүүгээ хүрэх хүсэл байдаг гэдгийг би бас мэддэг, гэхдээ үүнийг бичиж үлдээхгүй бол тун удахгүй мартаж магадгүй болсон учраас энэхүү захиаг бичиж байна.
Өөрийгөө битгий мартаач, хувь хүн гэдгээ, хүсэл мөрөөдлөө, хийх дуртай, аз жаргалтай байлгаж, онцгой нэгэн болгож байдаг бүхнээ битгий мартаач. Ээж болж аз жаргалтай байгаа ч өөрийгөө битгий мартаач.
Үргэлж хамт байх өөртөө
0 comments:
Сэтгэгдэл бичих