Нүүр » , , » Бүсгүй хүнийг магтан дуулъя!

Бүсгүй хүнийг магтан дуулъя!

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 2:53 AM

“Энэ орчлон дэлхийг бүтээхэд бүсгүй хүн, яруу найрагч хоёр л оролцсон байх гэдэгт би итгэдэг” хэмээн яруу найрагч Ш.Сүрэнжав нэгэн ярилцлагандаа өгүүлсэн. Харин би бүсгүй хүн бол өөрөө тэр чигтээ яруу найраг гэж боддог.



Хамгийн гоёмсог бүхний эзэд эмэгтэйчүүд бидний гуа үзэсгэлэн, тансаг сайхныг магтан дуулсан үй олон шүлэгнүүдээс шилдэг 10-ыг таны оюуны таашаалд зориулан хүргэж байна. “Хөнгөн бийрийг хөшүүлэх” чадалтай бүсгүй та өөрөөрөө бахархагтун.

В.Гүлранс- Сайхан хүмүүн 

Энэ дөрөвхөн мөр, ганцхан бадагт сэтгэл санааг “урсгаж орхих” хүч чадал агуулагддаг. Монгол хэлний үлэмж тансаг найруулгыг уран бүтээлдээ тун чадамгай тусгадаг байсан яруу найрагч В.Гүлрансыг Хятадын Ли Бай, Японы Башё нартай дүйцүүлж болмоор.

Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил
Үсийн чинь хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.

Данзанравжаа - Үлэмжийн чанар 

Эмэгтэй хүний гуа төрх, зан аалийн таван гайхамшгийг утга төгөлдрөөр хослуулсан ариун шүлэг. Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай ажгуу. Нэг удаа чин сэтгэлээсээ уншвал мянган тарни уншсантай дүйцэх сод туурвил, монголын сонгодог яруу найргийн тод жишээ юм.

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг 
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг 
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ

Учирмагч сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

Данзангийн Нямсүрэн - Үзэсгэлэнтэй төрсөн чи минь 

Үзэсгэлэнтэй төрсөн чи минь 
Өвсөн дотор зогс доо би харъя
Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
Торгон хувцас далдлаагүй хэсэг
Тогтуухан болоод нарны амттай
Торго шиг зөөлөн өнгөнд
Торомгорхон шүүдэр адтай... 
Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм. 
Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй

Б. Явуухулан - Харахаас ялдам хонгор бүсгүй 

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ, 
Хайрын тухай битгий дуулаач! 
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна. 
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ, 
Хайрын тухай битгий дуулаач. 
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!

Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би. 
Намрын ногоо шиг гандах хөөрхий!

Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий! 
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!

Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий! 
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!

А.Эрдэнэ-Очир - Арга барсан бүсгүй 

Цагаахан даашинз
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн

Чамайг хараад аргаа бардаг би
Цамцаа тайлж урж тасдмаар
Галзуурмаар болдог би

Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би

Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь
Цээжин дээр байна гэж зүүдэлдэг
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад
Уур хүрдэг би...

Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би
Арга барсан бүсгүй чи...

А.Эрдэнэ-Очир- Зүүд минь, янаг минь...  

Зүүд минь, 
Янаг минь
Зүгээр суулгадаггүй
Далдын далд бодол минь
Зүс бороо минь, 
Салхи шуурга минь
Зүрхний минь өвчин, 
Аз жаргалын рашаан минь
Сарны ялдам гэрэл, 
Салхиар надад ирдэг хайрын үнэр минь
Сар жилүүдийн цаана наана гарч тоглосон
Даажинт хүсэл минь
Санасаар яваад нас өнгөрнө, 
Хэндээ буруу өгөх вэ
Сайхнаас сайхан чи минь 
Хэдий болтол хүлээх вэ
Үүрийн шаргал гэгээ, 
Дорно зүг минь
Үрийн цэнхэр инээд, 
Бүүвэйн дуу минь
Энгийн байтлаа 
Ер бусын гэгээн нүдэт минь
Эрхлэх нь дэндүү, 
Туних нь амархан амраг минь
Зүүрмэглэж буй хун, 
Хүзүүндээ гижигт минь
Зүүдний мананг сэмлэж, 
Зөөлхөнөөр намайг дуудагч минь
Бодсоор яваад нас өнгөрнө, 
Хэндээ буруу өгөх вэ
Бурхны зурсан зургийг 
Хоёулаа яаж зөрөх вэ?

Б.Эрдэнэсолонго - Эмэгтэй хүн бол...  

Эмэгтэй хүн бол ердийн хүн биш
Эмзэг нарийн хөл дээрх ямар нэгэн сайхан зүйл гэж би боддог
Анивчсан хөөрхөн зөөлхөн цагаан хүүхнүүд
Гэрэл цацруулан зөрж өнгөрөхөд 
Амьсгал давчдаад зовлонтой байдаг 
Уйдах завгүй хачин ганцаардалдаа эзэмдүүлж 
Урт хөлтнүүдийн уран нарийн хийцийг 
Шагшин гайхаад барахгүй 
Шал дэмий толгой сэгсэрдэг
Олон хаалгатай олон цоож түлхүүртэй 
Оньсон тоглоом юм тэд
Тоглож тоглож уйдсан 
Тоглоомоо тэгээд эвдсэн
Томоогүй жаалын зүрх яагаад 
Том том цоорхоотой байгааг
Анивчсан хөөрхөн зөөлхөн цагаан хүүхнүүдээс асуух хэрэгтэй 
Эмэгтэй хүн бол хүн биш
Бид нарыг бүтээсэн чөтгөр өөрөө 
Эмэгтэй байсан байхаа ...

Б.Лхагвасүрэн - Чамаараа би зөндөө гоёсон 

Харахгүй өнгөрч чадахгүй 
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж 
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж 
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр 
Харц харцаа шатаан байж гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар 
Бавуугийн ганц хүү өөрийгөө 
Ес болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж 
Чамаараа би гоёно...

Ж. Болд-Эрдэнэ - Цас орсон үдэш...  

Цас орсон үдэш орчинд гэгээ татаад
Царай чинь улаа бутарч нимгэрээд 
Үсэн дээрх цасан ширхэгүүд чинь
Үзтэл цасан дээр ургадаг цэцэгс шиг байна
Яг ийм сарны цагаан цэцэгсээр
Янжилхамыг чимэглээд чамтайгаа зэрэгцүүлж
Хэн нь чухам уянгын тэнгэр болохыг
Хэлэлцэж мөрий тавьсан ч алдахааргүй байна

Ц.Бавуудорж - Аниргүйн эгшиг 

Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Хүүхэд зангаа ганцхан л агшинд сарниах бол
Хөлөрсөн алгаараа би бэлхүүсэнд чинь хүрмээр байна
Харуй бүрийд нэг тэрлэг дээр зэрэгцэн суугаад
Ханхөхий уулын согоо өвс хазлахыг үзмээр байна
Урт цагаан шөнө гэзгийг чинь дэрлэн шүлэг уншиж
Уруул дээр минь чиний уруул аяархан хүрэхийг нэг анзаармаар байна
Цэцэг таслан хуруундаа имэрч чулуун дээр би удаан суулаа
Чиний өлмий шүргэсэн цагаан өвснөөс бусад нь л зовлон ажаам
Алган дээр чинь алгаа тавиад ад биш гоо үзэсгэлэнгээс чинь хагацмуй
Аниргүйд зовхин дээр чинь тунарах алтан дусалд зайгаа орхиё доо



Бусдад түгээх :

1 comment:

  1. Бүсгүй Хүнийг Магтан Дуулъя! - Кудс >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Бүсгүй Хүнийг Магтан Дуулъя! - Кудс >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Бүсгүй Хүнийг Магтан Дуулъя! - Кудс >>>>> Download Full

    >>>>> Download LINK Nn

    ReplyDelete

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved