Нүүр » , , » Хайрыг түлхдэг 4 сөрөг бодол

Хайрыг түлхдэг 4 сөрөг бодол

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 3:05 AM

“Тэр намайг яаж тоосон юм бол оо?” гэж бодсоныхоо дараахан түүнээс сөрөг хандлага хүлээж авсан бол гайхах юм алга. Найзуудтайгаа хууч хөөрөхдөө “Муусайн эрчүүд...” гэж ирээд л ярьж гардаг бол танд жинхэнэ хайр дурлал ирэхгүй байгаа нь тийм ч цочирдож хүлээж авахаар зүйл биш аж.





Та болон таны амьдрал бол таны бодлуудын нийлбэр дүн юм. Тиймээс та хайр дурлалыг өөртөө татахыг хүсвэл хамгийн түрүүн оюун санаагаа засах хэрэгтэй. Бодсон юм болгоноо бид үйлдэл дээрээ хэрэгжүүлдэггүй ч, тодорхой хэдэн сөрөг бодлууд хосуудын харилцааг нураадаг. Өөдрөгөөр бодох нь ганц энэ нь ч биш, амьдралын тань бүх салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Удахгүй танилцах эр, ирээдүйд болох сайхан үйл явдлуудыг “нэмэх” энергитэй бодлуудаараа залаарай.

"Тэр надаас хамаагүй илүү."

Та түүнийг өөрөөсөө илүү царайлаг, илүү чадвартай, илүү дур булаам гэж боддог бол таны хандлаганд энэ бодол чинь илэрнэ. Түүнд “Би ч чамайг яаж гүйцэх вэ дээ” гээд хэлчихсэн бол бүр өнгөрлөө гэсэн үг. Тэгвэл тэр таньтай дотно харилцаа үүсгэхээсээ өмнө өөрийгөө таниас илүү гэдэгт бат итгэж, орхин одох болно. Хүн бүр л өөртөө бүх юмаараа яг тохирсон хосыг олохыг хүсэх нь мэдээж юм. Зарим бүсгүйчүүд хайртай эрээ ийн дөвийлгөх нь тэднийг магтаж байгаагийн хэлбэр хэмээн эндүүрдэг. Эрчүүд магтаалд дуртай “хүүхдүүд” гэдэг нь үнэн хэдий ч та тэдний урам зоригийг бадрааж, хийсэн бүхнийг нь сайшааж байхдаа өөрийгөө ч бас түүнтэй адилхан (эсвэл бүр түүнээс илүү) хэмжээний эмэгтэй гэдгээ харуулах хэрэгтэй. Ганцхан түүнийн “зүлгэн гялалзуулж”, өөрийгөө хажууд нь бүдэгрүүлээд байвал бүсгүй хүн үнэ хүндгүй болно. Тиймээс дотроо “Тэр бол мундаг эр. Гэхдээ би ч түүнээс дутахгүй” гэж бодон үг үйлдлээ бардам болгоорой.

"Тэр надад дэндүү гоёдоно”

Хэрэв та өөрийгөө хэн нэгэнд хайрлагдахуйц хүн гэж бодохгүй юм бол, хэн таныг хайрлах билээ? Бүх хүнд л өөрөө өөрт нь таалагддаггүй шинж чанарууд байдаг. Гэхдээ өөрийгөө голох хандлагатай бүсгйүчүүд энэ дутагдлууд дээрээ хөндлөнгийн хүмүүсээс илүү их ач холбогдол өгдөг. Ийм бодол нь эхнийхтэй төстэй боловч, хайрыг өөртөө хүрч ирэхээс нь өмнө түлхэж орхидог учраас илүү муу үр нөлөөтэй. Яг л “Намайг битгий хайрла” гэсэн лоозон зүүчихээд явж байгаагаас өөрцгүй юм. Ямар ч эрийн хувьд таньтай учирна гэдэг азтай явдал! Өөрийгөө үнэлэгдэхүйц эмэгтэй гэж бодож эхэлвэл, эрчүүд ч бас таныг үнэлж эхэлнэ.

"Над шиг ... хүнд ямар хос олдох вэ дээ?"

Гурван цэгний оронд “хүүхэдтэй”, эсвэл “хөгшин” гэдэг үгийг орлуулж боддог бүсгүйчүүд олон. Гэвч энэ хоёр нь шалтгаан мэт харагдавч үнэндээ шалтаг юм. Өөрчилж болохгүй зүйл гэж байдаг ч, энэ нь таны хайрлаж дурлах эрхийг хасахгүй. Харин ч нас нэмэх тусмаа илүү туршлагатай, чадвартай, дур булаам болсон гэдгээ мэдэх үү? Ганц бие ээж байна гэдэг танд тохирох сайн эрийн хүндлэлийг хүлээх том давуу тал ч болж болох юм. “Замд таарсан чулуу” мэтээр хүлээж авахын оронд, тэдгээр нь таныг илүү дээр хүн болгосон гэдэгт итгээрэй.

"Бүх эрчүүд ..."

Өмнөх болзоот залуу чинь өөр бүсгүйтэй сүүлрэснээс болоод “Бүх эрчүүд худалч” гэж бодох болсон уу? Эр хүнд итгэл алдсан найзуудынхаа яриаг сонссоор “Эрчүүд бүгд адилхан” гэж бодох болсон уу? Тэгвэл таны зүрх сэтгэл жинхэнэ хайр сэтгэлд “үүдээ хаачихаад” байгаа юм байна. Амьдралд эрээн бараан зүйл, “урттай богинотой” хүмүүс олон тааралдах хэдий ч тэдний дунд сайн нь муугаасаа олон байдаг гэдгийг санаж яваарай.


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved