Нүүр » » Оюутны амьдралд дурлах 8 шалтгаан

Оюутны амьдралд дурлах 8 шалтгаан

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 7:21 AM


“Оюутан нас-Оргилуун үе” Арван жилийн хонх дуугардаг өдрүүд дуусч, их сургуулийн бие даасан бүсгүй болох цаг болжээ. Огт танихгүй орчинд “гараа дүрэх” гэж байгаа учраас юунаас ч юм айх сэтгэл төрөх нь мэдээж. Гэхдээ тэр айдсаа таягдан хаяхад дараах 8 шалтгаан чамд тус болно.

1. Шинэ найз нөхөдтэй болно. Урьд нь зөвхөн арван жилийнхнээр хязгаарлагддаг байсан бол одоо чиний хүрээлэл хамаагүй өргөжих болно. Шинэ хүмүүстэй танилцаж, өөрийнхөө огт мэдэхгүй орчинд орсноор чи амьдралын болон харилцааны талаар илүү ихийг мэдэж аваад зогсохгүй өөрийнхөө өмнө нь мэддэггүй байсан зан чанаруудыг ч олж нээх болно. Ангиасаа гадна, их танхимын лекцэн дээр, хоолны газар, танилцах үдэшлэг дээр гээд оюутан болсон хойно хаана л бол хаана шинэ нөхөдтэй болж болно. Мөн их сургуулийн найзууд бол чиний насан туршдаа найдаж болох мэргэжлийн хүрээлэл гэдгийг санаарай.

2. Стилийн шинэчлэлт. Их сургууль бол хувцаслалт, гадаад төрхөө өөрчлөх сайхан боломж юм. Арван жилийн сургуулиас ялгаатай нь их сургуулийн багш нар чинь чамайг ирээдүйн боловсон хүчний нүдээр харж, карьерийн чинь гүүр болох учраас тэдний нүдэнд хийх юмаа мэддэг хүн шиг харагдах нь дээр юм. Тиймээс оффисын ажилтан шиг хувцаслах шаардлагагүй ч, хэт хүүхдэрхэг элемэнтүүдээс аль болох зайлсхийж, өөрийгөө илэрхийлэхүйц стилийг сонгохыг зөвлөж байна.

3. Бие даасан байдал. “Тусгаар тогтнол мандтугай!” Оюутан нас бол тэр чигтээ амьдралд хөл тавихын өмнөх бэлтгэл юм. Тиймээс энэ үедээ л чи ирээдүйд өөрт шаардлагатай бүх чадваруудаа “хангаж” авах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд ч бас ихэвчлэн хүүхдээ оюутан болмогц өмнөх шигээ халамжилж, бөөцийлөхөө больдог учраас бүх зүйл чиний өөрийн нуруун дээр ирж байгаа гэсэн үг юм. Үүнийг хэцүү даалгавар биш харин эрх чөлөө гэсэн утгаар нь хүлээж аваад, өөрөө өөрийнхөө амьдралын жолоог гартаа бүрэн атгахдаа бэлдээрэй.

4. Янз бүрийн үдэшлэгүүд. Оюутан цагийг тэр чигтээ толгой өндийлгөхгүй их хичээл, ажлаар бүү төсөөлөөрэй. Учир нь цаана чинь сэтгэл сэргээх хөгжилтэй үдэшлэгүүд чамайг хүлээж байна. Арван жилд байхад тэмдэглэдэггүй байсан олон төрлийн арга хэмжээнүүдэд орох нь бас л өсөж том болсон гэдгээ мэдрэхэд чинь тусална. Сайхан зугаацаарай! Гэхдээ үүргээ умартаж болохгүй.

5. Гурван л үг хэлье охид оо! Шинэ, царайлаг залуус. Их сургууль бол арван жилээс илүү өргөн цар хүрээтэй орчин учраас тэнд ангийнхнаасаа гадна хэдэн зуун хүнийг олж харах болно. Бас тэдний дундах, янз бүрийн мэргэжлийн үл таних сайхан залуусын тухай дурдахгүй байж яаж болох билээ? Уран бүтээлч, МОХ-ын гишүүн, онц сурлагатан гээд “төрөл зүйл”-ийн хувьд ч олон шүү!

6. Ажил хийх боломж. Чи хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө чадварыг дээшлүүлэх цагийн ажил хийх боломж нээлттэй. Ингэвэл чи өөрийн гэсэн мөнгөтэй болж, санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй болох ба орлого зарлагаа өөрөө хянаж сурах болно. Эсвэл хамгийн шилдэг проффесортойгоо ярилцаж, гарынх нь шавь болоод эртнээс карьертээ тустай үйлийг хийж болох юм. Тэгвэл сургуулиа төгсөөд аятайхан ажлын байран дээр оччихно. Дахин сануулъя, энэ хэдэн жил бол ирээдүйн амьдралын чинь бэлтгэл юм шүү.

7. Цонхтой цагууд. Өглөөнөөс авахуулаад өдөр хүртэл завсарлагагүй хичээллэдэг байсан өдрүүд дуусчээ. Зарим өдрүүдэд чиний хичээл өдөр орно. Хааяа хичээлүүдийн завса дахь цонхтой цагуудаар бусад ажлаа амжуулж, найз нөхөдтэйгөө уулзах юм уу, гэртээ хариад дуг хийгээд ч авсан болдог.

8. Цэвэр дүр төрх. Их сургуульд хэн ч чиний арван жилдээ хамгийн хойно суудаг бүрэг хүүхэд байсныг чинь мэдэхгүй. Бас хэн ч арван жилийн чинь хацар улаймаар паянгуудын талаар тэнд ам нээхгүй.

Их сургуулийн босгоор алхаж байгаа охид хөвгүүддээ аминчлан захих зүйл бол энэ жилүүдэд дүнгийн оноогоос илүүтэйгээр, өөртөө олж авсан мэдлэг, мэргэжлээ гартаа оруулж чадсан байх явдал л хамгийн чухал юм шүү. Амьдралынхаа шинэ хуудсыг бичих жилүүдэд чинь амжилт хүсье!



Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved