Коктейлны соёл

Written By Unknown on Wednesday, August 8, 2012 | 4:00 AM

Уруул гижигдэм амтат ундаануудын талаар та хир сайн мэдэх вэ? Халуун хүйтэн, чихэрлэг, исгэлэн коктейлууд бүгд чамин нэртэй, түүндээ тохирсон час хийсэн амттай байдаг. Та бүхэнд хамгийн түгээмэл байдаг, алдартай 21 коктейлны талаар мэдээллийг хүргэе.


1. Брэнди Александр
Брэнди Александр бол брэнди суурьтай чихэрлэг коктейл юм. Коньяак болон crème de cacao /шоколадны ликёрын нэг төрөл/-оор хийгддэг энэ төрлийн ундаа 20 дугаар зууны эхэн үеэс алдаршжээ. Голцуу 20 мл коньяак, 20 мл crème de cacao, 20 мл крем гурвыг дундуур мөстэй сэгсрэгчинд сэгсэрч хундагалаад дээр нь самарны үртэс цацаж олгодог. Ерөнхийдөө зөөлөн, цөцгийрхөг, өтгөвтөр амтанд дуртай хүмүүст тохирно. Хоолны дараа уухад тохиромжтой.

2. Жек Рөүз
1920-1930 оны үед алдаршсан коктейл. Жек Рөүзийг 3 нэгж applejack, 2 нэгж лемоны шүүс, 2 дусаал анар жимсний шүүснээс бүрдэнэ. Бүх найрлагыг сэгсрэгчинд хийж сэгсрэн хөргөсөн коктейлны хундаганд хийж, интоор болон хэрчим алимаар чимэглэн олгодог. Туяарсан ягаан өнгөтэй энэ коктейл нь хүчиллэг, исгэлэн маягийн жимсний амттай.

3. Оргазм
“Дур тавилт шиг эрэмгий” /А.У/ 30 мл Cointreau, 30 мл Baileys Irish Cream, 20 мл Grand Marnier-ээр хийгддэг анхаарал татмаар нэртэй энэ ундааг коктейлны биш, жирийн шотны хундаганд хийж олгодог. Бор шаргал өнгийн, зөөлөн, амтлаг энэ коктейл нь уухад их “гэнэхэн” амттай санагдавч согтоох чанарын хувьд өндөр, “хумсаа нуусан муур” шиг л гэсэн үг. Тиймээс болгоомжтой байгаарай, “оргазм”-ын сэтгэл хөдөлгөм амтанд нэг орчихвол ч...

4. Парадайс
Классик коктейлуудын нэг! Амт нь ч мөн адил. 30 мл жинээр суурь хийж, 20 мл абрикосны брэндигээр амтлан, 15 мл жүржийн шүүсээр шингэлсэн энэ коктейл танд “диваажин”-гаас амсуулах болно. Жаргах нар шиг улбар ууссан өнгөтэй.

5. Бронкс
Жүржийн шүүстэй мартини хэмээн ойлгож болно. Бронкс бол “1934 оны дэлхийн 10 алдартай коктейлын” 3-т жагссан ундаа юм. Мөсгүй олгогддог шаргал тунгалаг коктейлыг 30 мл жин, 15 мл чихэрлэг вермут, 10 мл хуурай вермут, 15 мл жүржийн шүүсээр хийдэг. Гашуун амтны “эрлэг”-үүдийн хувьд зарим коктейл дэндүү чихэрлэг санагддаг бол, Бронкс нь чихэр, алкогольны хэмжээг сайн тааруулснаараа онцлогтой. Жүржийн нарийхан хальсаар чимэглэнэ.

6. Long Island-ын мөстэй цай
Олон газарт янз бүрийн аргаар хийгддэг энэ ундаа нь кола, согтуурулах ундаа хоёрыг хольж гаргадгаараа онцлогтой. Ихэвчлэн 15 мл цагаан архи, 15 мл текилла, 15 мл цагаан ром, 15 мл жин, 25 мл лемоны шүүс, 30 мл gomme syrup, колаг бүгдийг хольж сэгсрэн олгодог. Олон найрлагаас гаргаж авдаг учир давтагдашгүй амттай. Гашуун, хүчтэй амттай мөстэй цай л гэсэн үг.

7. Gin Fizz /Хөөсрүү жин/
45 мл Жин, 30 мл лемоны шүүс, элсэн чихэр, 80 мл хийжүлсэн усаар найруулдаг ундаа. Алкогольны амт нь сул, исгэлэндүү амттай, хөөсөрсөн цагаан өнгөтэй байдаг.

8. Мартини
Жинхэнэ оригиналь мартиниг жин, вермут хоёроор л хийдэг. Гэвч төрлөөсөө шалтгаалан нэмэлт найрлагууд орж болно. Ширхэг чидун жимс, лемоны хальсаар чимэглэдэг мартини нь дэлхий даяар хамгийн алдартай алкогольны холимог юм. Сайн мартини ямар ч илүү амтгүй, цэвэр байдаг. Хуурай чанартай бөгөөд хоолойгоор их зөөлөн давдаг.

9. Негрони
Нилээд гашуувтар амт бүхий жин суурьтай, чихэрлэг вермут дарс, биттерстэй коктейл. Хоолны өмнө уухад тохиромжтой. Хэрэв та гашуун амтанд тийм ч дуртай биш бол үүнтэй төстэй төрхтэй, арай зөөлөн амттай Космополитан дарсыг сонгоорой.

10. Бакарди
Зуны үдэш, далайн эргийн сэвэлзүүр салхинд үсээ намируулан сууж буй мэт цэнгэг, эрч хүчтэй мэдрэмжийг өгдөг Бакарди коктейл. Ягаавтар өнгөтэй. Анар жимсний шүүс, лемоны шүүс, бакарди цагаан дарсаар найруулдаг. Хоолны өмнө уухад тохиромжтой.

11. Hurricane /Далайн шуурга/
Космополитаны дараа ордог бүсгүйчүүдийн дуртай коктейл. Их чихэрлэг, жимсний аятайхан амттай. Цагаан, хар ром дарс, халуун орны жимсний сиропоор хийдэг.

12. Можито
Гаатай, сэнгэнэсэн амтанд хорхойсдог хүмүүс можитогийн фанатууд байдаг. Лемоны шүүс, элсэн чихэр, ром дарс 3-ыг найруулж, дотор нь гааны навч хийж олгоно. Тийм ч гашуун биш, тийм ч исгэлэн биш байх ёстой. Чихэр, хүчилний амт амтагдах боловч, гааны амт нь хамгийн чухал юм. Можитог бага багаар нь шимж уувал тохиромжтой.

13. Tequila Sunrise
45 мл текилла, 90 мл жүржийн шүүс, 15 мл анар жисний шүүс, хэрчим жүрж, эсвэл интоороор чимэглэсэн зөөлөн чамин ундаа. Наран мандах үеийнх шиг улаавтараас шаргал руу солонгорон ууссан өнгөтэй учир “sunrise” хэмээн алдаршсан. Сэргээш маягийн үйлчилгээтэй.

14. Appletini
Арааны шүүс асгаруулсан исгэлэн чихэрлэг амтай, 40 мл цагаан архи, 15 мл алимны шүүс, 10 мл хуурай вермутаар хийгддэг ундаа.

15. Black Russian 
15 мл цагаан архи болон 10 мл кофетой ликёророор найруулж, мөстэй олгодог коктейл. Заримдаа дээр нь кола хийж олгох нь бий. Ингэсэн тохиолдолд үүнийг Dirty Black Russian хэмээн нэрлэдэг. Эхлээд архиа мөстэй хнудаганд хийж, дээрээс нь ликёроо хийнэ.

16. Bloody Mary /Цуст Мария/
Халуу оргиулсан амттай, цус шиг улаан өнгө бүхий коктейл. Хялбараар тайлбарлавал цагаан архи, улаан лоолийн шүүс, хар перец зэргийн холимог. Бусад коктейлийг бодвол ямар ч чихэрлэг амт үгүй. Нилээд хүчтэй, уруул ирвэгэнүүлсэн амттай.

17. Космополитан
Бүсгүйчүүдийн коктейл Космополитан. “Нэг Космо авъя” гэж хэлчихээд, эргэн тойрно ихэмсэг нь аргагүй ширтэн, төд удалгүй ирэх тод ягаан өнгийн ундаагаа ууж суух нь чамин ганган байдалд дуртай хүүхнүүдийн хобби гэлтэй. Цагаан архи, цангис жимсний шүүс, лемоны шүүсээр хийдэг.

18. Камиказэ
“Ариун салхи” хэмээн орчуулагдах хүчирхэг нэр бүхий энэ коктейлийг 30 мл водка, 30 мл triple sec /жүржийн найрлагатай ликёр/, лемоны шүүсээр хийдэг.

19. Sex on the Beach
“Далайн эрэг дээрх секс”. Нэр нь хүртэл сэтгэл догдлуулж сэрэл хөдөлгөмөөр. Их олон хувилбартай байдаг хэдий ч ихэвчлэн цагаан архи, тоорын schnapps, жүржийн эсвэл ханборгоцойн шүүсээр хийгдэг. Архины гашуун амтыг бүдгэрүүлсэн учраас хэдийг л бол хэдийг уучихаж чадмаар. Гэхдээ ихийг уувал, маргааш өглөө нь жинхэнээсээ “sex pon the beach” хийчихсэн байж мэднэ шүү!

20. Мимоза
Мимоза бол оргилуун дарс, цэл хүйтэн жүржийн шүүсээр хийгддэг коктейл. Шампансканы өндөр хундаганд хийж олгогддог. Ихэвчлэн хурим ёслолын үеэр зочдод өргөн барьдаг ундаа юм.

21. Манхэттан
Манхэттан коктейлийг виски, чихэрлэг вермут, bitters-ээр хийдэг. Хамгийн түгээмэл, алдартай, үндсэн коктейлуудын нэг. Тунгалаг, хамбан улаан өнгөтэй энэ коктейл алкогольны төрлийн юм бага уудаг хүмүүст тохиромжгүй. Нилээд “туршлагатай” коктейлчин уувал зохино. Хатуу ундааны нэгд тооцогддог.



Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved