Босогчдын амжилт нефтийн үнийг буурууллаа
Ливийн нийслэл Триполи хот босогчдын гарт орсон даруйд нефтийн үнэ буурч эхэлжээ. Европын зах зээлд нийлүүлэгддэг Брент маркийн нефть өчигдөр баррель тутамдаа 2.37 ам.доллараар буурч 106.25 болсон бол Хойд Америкийн зах зээлд нийлүүлэгддэг WTI маркийнх нь 25 центээр хямдарч 82.01 ам.доллар болжээ.
Энэ нь босогчдыг дэмждэг “Arabian gulf oil” компани босогчдыг ялалт байгуулсан даруйд олборлолтоо эхлүүлж, ойрын 14 хоногт багтааж өдөрт 180 мянган баррель нефть Европын зах зээлд нэмж нийлүүлэхээ мэдэгдсэнтэй мөн тодорхой хэмжээгээр холбоотой аж. Дээрх нэмэгдлийг хийснээр Ливийн олборлож буй нефтийн хэмжээ хоногт 500 мянган баррельд хүрэх юм.
Ливид эмх замбараагүй байдал дэгдсэнээс хойш үнэ нь огцом өсч 120 ам.долларт хүрч байсан баррель нефть ийнхүү буцаад байрандаа очих магадлал харагдаж эхэллээ. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт удааширснаас гадна саяын үйл явдал болсноос хойш хөрөнгө оруулагчид урт хугацааны гэрээгээ арилжиж эхэлсэн нь үнэ буурах бас нэг шалтгаан болжээ. Нефть экспортлогч орнуудын нэгдэл ОПЕК өнгөрсөн сард болсон хурлаараа ирэх жилийн хэрэглээний төсөөллийг багасгаж баталсан билээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих