Нүүр » , , » Дарга хүүхнүүдийн гаргадаг түгээмэл алдаа

Дарга хүүхнүүдийн гаргадаг түгээмэл алдаа

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 2:38 AM

Ухаантай, чин шударга, уян зөөлөн сэтгэлтэй дарга нар ч алддаг. Гэхдээ эмэгтэй удирдагч нар дараах түгээмэл хэв маягт өөрсдөө мэдэлгүй "цутгагдчих" нь элбэг байдаг гэнэ.




Хамгийн сонирхолтой нь дараах алдаануудыг эрэгтэй боссууд төдийлөн гаргадаггүй гэнэ. Хүйсийн онцлог, нийгмийн нөхцөл байдал гээд үүнд нөлөөлсөн байж болох зүйл юу эс мундах вэ. Гол нь бид эмэгтэй хүн яагаад ийм зүйлс дээр алддагт биш, яаж эдгээрээс зайлсхийж болох талаар бодолцох хэрэгтэй.

1. Мөсөн хатан 
Тэр хүйтэн харцтай, дэндүү ажил хэрэгч нэгэн. Магадгүй ихэвчлэн хар хослол, хар цүнх, хар гутал өмсдөг. Ажилтнуудтайгаа бүдүүлэг харьцдаггүй ч гэлээ, тэдэнд дарга нь яг л робот юм уу, үлгэр дээр гардаг мөсөн хатан шиг харагддаг. Өөрөөр хэлвэл зүрхтэй, сэтгэлтэй “хүн” шиг харагддаггүй гэсэн үг. Тэд маш ухаантай, чадвартай, зоригтой, шийдэмгий учраас доод албан тушаалтнууддаа үлгэр жишээ болж чаддаг. Хүмүүс түүнээс олон зүйлийг суралцдаг. Түүний илүү дутуу тойруу зангүй, чиг шулуун яриа ч ажилчдад нь хэцүү гэхээсээ илүү нэг бодлын амар санагддаг. Гэвч Мөсөн хатад өөрсдөө ч мэдэлгүй ажилчиддаа айдсыг, тав тухгүй байдлыг төрүүлж байдаг юм. Ийм дарга нар хүмүүсийн тархийг хангалттай “ажиллуулж” чаддаг ч, хамгийн чухал зүйл болох зүрхийг орхигдуулдаг. Тиймдээ ч тэдний доор ажилладаг хүмүүс хийж байгаа зүйлдээ үүрэг даалгаврын үүднээс хандаж, чин сэтгэлээ зориулдаггүй муу талтай. Учир нь тэдэнд дарга нь өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл, зорилго мөрөөдлийг огт хайхрахгүй байгаа юм шиг санагддаг. Хүн бүр л үнэлэгдэж буйгаа мэдрэхийг хүсдэг шүү дээ. Хэрэв та ийм төрлийн дарга бол бага зэрэг “хайлаарай”. Таны оффист мөсөн хатан биш эелдэг зөөлөн, инээмсэглэл цацруулсан эмэгтэй хүн хэрэгтэй.

2. Хэт сайн дарга
Гэхдээ юм бүрийг хэтрүүлвэл хор болдогийн дүрмийг босс бүсгүйчүүд ч бас мартаж болохгүй. Дэндүү сайн дарга нар ажилчдаа багахан юман дээр ч өрөвдөж, өөгшүүлж, цаашилвал нэг хүнд сарын 10 удаагийн чөлөө өгч ч чадахаар уян зөөлөн хүмүүс. Мөсөн хатан, хэт сайн дарга хоёр хоёулаа сэтгэлийн хөдлөлөө буруу удирддаг лидер эмэгтэйчүүдийн жишээ юм. Ажилтан бүрээ чин сэтгэлээсээ хайрлаж, тэдний хувийн амьдрал, нөхөр хүүхэд, хадам аав ээжийнх нь талаар хүртэл мэдэж, бодолцоно гэдэг нэг талдаа маш сайн хэрэг. Учир нь энэ нь оффист ч гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалыг авчирч болно. Гэхдээ ажил, амьдралын зааг дэндүү бүдгэрээд ирэхээр хүмүүс аажимдаа залхуу болох уршигтай юм. Тэд таныг дарга биш найз гэсэн утгаар хараад эхлэхээр ажлынхаа ард гарах сэтгэлийн тэнхээ нь нурж, шалтгаан тоочих нь элбэг болно. Таныг ганцхан хатуу үг хэлэхэд л тэдний зүрх маш их өвдөх болно. Дасаагүй болохоор тэр. Та бага багаар боссынхоо орон зайг мэдрүүлж, ахиц дэвшил гаргалгүй бүтэн жил болсон ажилтныг дахиж харзнах гэлгүй, халах тухай мэдэгдлийг зоригтой өгч сур. Цалингаа бараг сар бүр нэмэхээ боль. Хүмүүсийн амьдралд өөрийнхөө хэрээс хэтэрсэн хэмжээгээр туслахаа байзна. Ингэх нь тэднийг таниас улам ихийг шаардахад хүргэж ч мэднэ.

Аль алийг нь тохируулж явах нь таны бодож байгаа шиг тийм ч хэцүү зүйл биш юм. Өөртөө тогтмол дүгнэлт хийж, гаргаж байгаа зан авир, хийж байгаа үйлдэлдээ хянамгай хандаж, ажилчиддаа ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаа, энэ нь ямар уршигтай байж болох талаар бодолцож үзвэл л болох нь тэр. Эцэстээ дарга нарт тустай хамгийн чухал нэг дүрэм бол хүмүүсийг хайрлаж сурах явдал билээ.


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved