Алтан цонхтой байшин
Нэгэн охин өндөр толгод дээрх жирийн нэг жижигхэн, ядруухан, модон байшинд амьдардаг байжээ. Тэр охин байшингийнхаа гаднах бяцхан цэцэрлэгт тоглож өсөв гэнэ. Өсөж том болохынхоо хирээр тэр өндөр болж, өндөр болохынхоо хирээр цаад талын толгод дээр байрлах алтан цонхтой байшинг харж чадахаар болжээ.
Өдөр бүр цэцэрлгийнхээ хашаанд тоглож байхдаа охин цаад толгод дээрх алтан цонхтой байшинг хараад, тэнд очиж үзэхийн их мөрөөдөлд автдаг байв. Шаргал өнгөөр туяарсан тэр байшингийн дотор ямар ид шид нуугдаж байгаа бол гэхээс сэтгэл нь догдолж, хурдхан шиг том болоод хашаанаасаа гарч тэнд очихыг тэр хүсдэг байлаа. Тээр цаана харагдах тийм гоё, алтлаг цонхтой байшингийнх нь дэргэд өөрийнх нь амьдардаг эгэл жирийн дүнзэн байшин дэндүү муухай харагддаг байв. Тэгээд л заавал алтан цонхтой байшинд л амьдарна гэж өөртөө амлажээ.
Тэр хашаанаас гарч, зугаалж чадахуйц насанд хүрлээ. Охин ээжээсээ цаад талын толгод хүртэл дугуйгаар аялачихаад ирэхийг удаан гуйсны эцэст зөвшөөрүүлжээ. Олон жилийн турш мөрөөдөж ирсэн алтан цонхтой байшин дээрээ очих гэж байгаа болохоор түүний зүрх сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй догдолж байлаа. Бушуухан дугуйн дээрээ мордоод, доош уруудаж, зэрэгцээ орших толгод руу авиран өнөөх байшингийнхаа гадна очоод хартал...Түүний урам хугарч гүйцлээ.
Бага байхаасаа ирэхийг, дотор нь амьдарч үзэхийг хүсдэг байсан өнөөх байшин нь зүгээр л нэг цагаан өнгийн, шороо тоосонд дарагдсан цонхтой, хоосон, уйтгартай байшин байж гэнэ. Догдолсон сэтгэл рүүгээ ус цацуулах шиг болсон охин гунигтай нь аргагүй дугуйн дээрээ модоод, эсрэг талын толгод руу хартал...тэнд алтан өнгөөр гялтганасан цонхтой бяцхан байшин байхыг үзээд гайхаж орхилоо. Тэр бол өөрийнх нь амьдардаг жижигхэн дүнзэн байшин дээр нарны гэрэл тусаад туяарсан хэрэг байлаа.
Охин тэрхэн мөчид мөрөөдөж ирсэн алтан цонхтой байшиндаа өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн гэдгээ ухаарав. Холын холоос эрж байсан аз жаргал нь яг дэргэд нь оршсоор ирснийг мэдрэх мөчид тэр гэр рүүгээ хурдхан шиг очихоор дугуйгаа жийлээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих