Нүүр » , , , » Apple-ийн үндэслэгч Стив Жобс өөд боллоо

Apple-ийн үндэслэгч Стив Жобс өөд боллоо

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 2:35 AM

Дэлхийн шилдэг компанийн нэг болох Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс хорт хавдарын улмаас лхагва гарагт өөд болжээ.




“Өнөөдөр Стив Жобс өөд болсон тухай мэдэгдэж байгаадаа бид тун харамсалтай байна. Тэрбээр эрч хүчтэй, бүх амьдралынхаа турш шинэлэг зүйлийг эрэлхийлэгч байсан” гэж Apple удирдлагууд мэдэгдсэн байна.

Стив Жобс нь нойр булчирхайн хорт хавдарын улмаас 8 дугаар сарын 24-нд Apple компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ.

Өчигдөрхөн болсон Apple-ийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг ирж магадгүй эсвэл видео дуудлагаар холбогдож болох юм гэж олон хүн таамаглаж байсан ч танилцуулга түүнгүйгээр болсон билээ. 
Олон мянган хэрэглэгчдийнх нь хамгийн их итгэл хүлээлгэдэг Стив Жобс ийнхүү шинэ бүтээгдэхүүнээ өлгийдөн авсан өдрөө таалал төгслөө.  

Дэлхийн толгой компаниудын нэг Apple корпорацийн Ерөнхийлөгч Стив Жобс эрүүл мэндийн улмаас ажлаа хүлээлгэн өгөх болсон тухайгаа саяхан мэдэгдсэн билээ. Түүнийг ийнхүү Apple-ээс гарах болсны дараа тус корпорацийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр дөрвөн хувиар унасан гэнэ. Хэдийгээр Жобс албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа ч Ерөнхий захирлын албанд үлдэж компанийн хөгжлийн чухал асуудлуудтай холбоотой шийдвэр гаргахад оролцох юм байна. Харин компанийг шууд удирдах ажлыг урьд нь Жобсыг өвчтэй байх хооронд орлож байсан Тим Кук гардан авчээ. Apple компанийг дэлхийн технологийн эзэнт гүрэн болгож чадсан Стив Жобс ийнхүү өвчний улмаас ажлаасаа гарсан ч энэ их айлын өрхийн тэргүүний үүргээсээ холдохгүй нь. Түүний амьдрал бусад тэрбумтнуудын адилаар сонирхолтой, уналт босолт дүүрэн байсан гэдэг. Түүнийг чухам хэн бэ, хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн амьдралынх нь талаар товч хүргэе.

Бизнесийн салбарын “аку­лууд”-ын ихэнх нь мөнгө ч үгүй, боловсролгүй гараагаа эхлээд унаж, боссон түүхтэй байдаг. Америкийн чинээлэг эр Корнелиус Вандербильт 11 насандаа сургуулиа хаяж, 16 насандаа гэрээсээ яван, бяцхан завиар ачаа зөөх ажлыг сэтгэж олсон гэдэг. Харин нэрт зохион бүтээгч Томас Эдисон ердөө гуравхан сар сургуульд сурч, ид суралцах насандаа өөрийн зохион бүтээсэн хайрцагт чихэр хийн худалдаалдаг бай­жээ. Баячуудын доороос оргил өөд мацсан энэхүү намтрыг Америкийн инженер, бизнес эрхлэгч, Apple корпорацийн үн­дэслэгч, ерөнхий захирал, Пиксар студийн үндэслэгч Стив Жобс ч давтсан юм. Ах­лах сургуулиа төгссөний дараа коллежид ороод ердөө ганцхан дамжаа дүүргэсэн гэдэг. Гэхдээ Стив мөнгө хийхийн тулд сур­гуулиа хаясангүй. Ердөө суралцаж байгаа чиглэл нь ямар ч утга учиргүй , уйтгартай санагдсан гэдэг. Стивийн амьд­ралдаа баримталдаг зарчим нь “Дуртай зүйлээ хийх хэрэгтэй”. Дунд сургуульд байхдаа л электроникийг сонирхон хичээллэдэг байсан Стив үеийнхнээсээ илүү арай ахимаг залуустай нөхөрлөж, энэ нөхөрлөлийнхөө ачаар ирээдүйн хамтран зүтгэгч Стив Возняктай танилцсан гэдэг. Тэдний анхны хам­тарсан бүтээл нь луйврын шинжтэй байжээ. Хоёр Стив нийлээд BlueBox нэртэй алсын зайнд телефон утасны төлбөргүй дуудлага хийх боломжтой төхөө­рөмж зохион бүтээжээ. Энэ тө­хөө­рөмжийн үндсэн дээр тэд цаашдын хамтын бизнесээ бүтээсэн гэдэг. Коллежидоо ганцхан улирал сураад өөрийн хүсэлтээр гарсан, өнөөгийн тэрбумтан Стив ядуусыг хооллох газар очин, шил тушааж амьдарч байсан гэвэл итгэх хүн цөөн байх. Гэхдээ тэрбээр коллежоос гарсныхаа дараа жил гаруй найз нөхдийнхөө байранд шалан дээр унтан, “Кока-кола”-ны шил ту­шааж, долоо хоногт нэг удаа болдог сүмийн үнэ төлбөргүй оройн хоолонд очиж “гэдэс” гар­даг байжээ. Энэ үед тэрбээр каллиграфийн курст орж, эндээс шрифтээр масштабласан Mac OS системийг гаргах санаа төр­сөн гэдэг.

Энэ үед Стив Возняктай хамтран гайхалтай хайрцаг зохион бү­тээсний зэрэгцээ ажил үүргээ на­рийн хуваарилан авсан байжээ. Угийн л дуу цөөтэй Стив Возняк төхөөрөмжөө зохион бүтээн уг­сарч, харин сэтгэл татам төрхтэй, хүнийг өөртөө татаж чаддаг Жобс төхөөрөмжүүдээ худалдаалдаг байжээ. Жобсын арилжааны эв дүй түүнд шинэ төхөөрөмжөө олны танил болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулж өгсөн гэнэ. Хэрэглэгчид одоо биш харин ирээдүйд хэрэгтэй зүйлийг тэдэнд санал болгоно гэдэг нь гагцхүү түүний чадвар байлаа. Яг л өнөө Генри Форд “Хэрвээ би түншүүдийнхээ санааг сонссон бол тэдэнд автомашин биш хурдан морь өгөх байлаа” гэж өгүүлж байсантай адил. Гэхдээ мэдээж Жобс, Возняк автомашинаар дагнаагүй л дээ. 1970-аад оны сүүлээр дэлхий ертөнц анхны тоон технологийн хувьсгалын босгон дээр зогсож байлаа. Залуу хамтрагчид энэхүү шинэ хувьсал айсуй байгааг бүх эд эсээрээ мэдэрч, зах зээл дээр огт байгаагүй зүйл буюу олон нийтийн хэрэглээнд зориулсан персонал компьютерийг санал болгосон юм. Харамсалтай нь тухайн үед персонал компьютер хэрэглэхэд түвэгтэй, овор хэмжээ ихтэй бай­сан тул олон нийтийн хэрэглээ болж чадахгүй байлаа. Энэ үед Жобс хамтрагчаа товчлууртай гар, монитор бүхий цоо шинэ персонал компьютер бүтээхийг ятгажээ. Үүнийг үйлдвэрлэн гаргахын тулд найзууд өөрсдөдөө байсан хамгийн үнэтэй зүйлсээ зарж, эхлэлийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болжээ. Жобс өөрийнхөө Вольксвагенийг ха­рин Возняк үнэтэй тооны машинаа заржээ. Ийнхүү хөдлөх хөрөнгөтэй болсон тэд Жобсын гаражийг шинжлэх ухааны лаборатори, үйлдвэрлэлийн цех болгон ашиглан бизнесээ эхэлжээ. Анхны бүтээлээ Apple хэмээн нэрлэж, орон нутгийн зах зээл дээр 666.66 ам.доллараар зарагдаж байв. Хачирхалтай, Сатана чөтгөрийн тоо гэгдэж, хүмүүсийн үздэггүй 666 гэсэн үнэнээс тэд огтхон ч цэрвээгүйгээр барахгүй, са­наандгүй тохиолдлоор биш маркетингийн зальжин арга болгон ашиглаж, боломжийн түншийг өөрсдөдөө татах хэ­рэгсэл болгожээ. 1976 онд Жобс, Возняк хоёр Apple Computer компаниа бүртгүүлж, Apple I, Apple II бүтээл гаргасан нь том амжилтанд хүрч, найзуудын бизнесийн байдал эрс сайжирч байлаа. Харин Apple III, Lisa гэсэн бүтээлүүд нь зах зээл дээр бүтэлгүйтэж, Стив Возняк осолд орон, компаниас гарсан зэрэг олон азгүйтэл ар араасаа цувран гарав. 1980-аад оны эхээр Apple компанийн гол өрсөлдөгч IBM тухайн үед нэг их нэрд гараагүй байсан Microsoft компанийн DOS үйлдлийн системээр то­ноглогдсон IBM PC персонал компьютер гаргав. Харин хэдхэн жилийн дараа IBM-Microsoft компаниуд компьютерийн зах зээлийг бүрэн эзэгнэлээ. Харин мэргэжилтнүүдэд л зориулан үнэтэй компьютер гаргадаг Apple компанийн зах зээл улам бүр багасч байв. 1985 онд удирдах зөвлөлтэй таарамжгүй болсон Жобс компаниа орхилоо. Гэхдээ 1997 онд Стив Жобс өөрийн босгосон “төрхөмдөө” эргэн ирсэн юм. Түүний ийнхүү эргэн ирсэн нь жинхэнэ цагаа олсон, гайхалтай үйл явдал байлаа. IBM компанийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж байсан IMac, Ipod, Iphone шинэ бүтээгдэхүүнүүд гэрлийн хурдаар гарч ирэв. Шинэ бүтээлүүдээ танилцуулахын тулд хээнцэр, тансаг шоу зохион байгуулж, тэр бүрт нь Жобс биечлэн оролцож байлаа. Жобс зөвхөн олон нийтийн хүсэлтийг дээгүүр тавиад зогсохгүй, тэрхүү хүсэлтийг нь өөрөө бий болгож сурсан нэгэн юм.

Ажлаас хөндийрөхөөс аргагүй болгосон өвчин

2003 оны намар Стив нойр булчирхайн хавдартай гэдэг нь тогтоогдов. Ихэнхдээ энэ өвчин амь насанд аюултай ч гэсэн Жоб­сын хувьд мэс засалд орж эмчлэгдэж болохоор байлаа. Харин биедээ мэс хүргэхийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй Жобс мэс засалд орохоос татгалзаж тусгай хоол идэн, биеэ өөрөө эмчлэхээр шийд­жээ. Стив Жобс есөн са­рын турш өөрийгөө эмчилнэ хэмээн найдаж байлаа. Apple компанийн удирдлагуудаас хэн нь ч тэргүүний амь насанд халтай өвчний талаар мэдээлсэнгүй. Энэ хугацаанд өөрийгөө эмчилнэ гэсэн найдвар нь талаар бол­сон Стив эмч нарт итгэл хү­лээлгэхээр шийдсэн бөгөөд 2004 оны долдугаар сарын 31-нд мэс засал амжилттай хийгдсэн юм. Эмнэлэгт хэвтэж байхдаа тэрбээр нөхдөдөө хан­дан захидал бичжээ.

“Та бүхэнтэй хуваалцах ёстой, надад хамаатай нэг мэдээ байна. Энэ мэдээг та бүхэн гагц­хүү миний амнаас сонсоосой гэж би хүссэн юм. Би маш ховор тохиолдох нойр булчирхайн хавд­раар өвдсөн. Энэ өвчнийг цагт нь оношилж чадвал эмч­лэгддэг юм байна. Эмч нар ца­гийг нь олж оношилж чадсан бөгөөд амралтын өдрүүдэд ам­жилттай мэс засал хийлээ. Нойр булчирхайн хавдар амь насанд маш аюултай ч бурхны ивээлээр надад эмчлэгдэх боломжтой төрөл нь таарчээ. Би наймдугаар сард биеэ бүрэн эмчилж, ес­дүгээр сард ажилдаа эргэн орно гэж тооцоолж байна. Миний эзгүй хойгуур Тим Кукийг өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавиач гэж би хүссэн. Эзгүй хойгуураа би та нарын зарим руу нь утсаар ярьж магадгүй. Бүр байн байн залгаж залхааж ч магадгүй. Учир нь би та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

Жич: Би энэ захиаг эмнэлгийн орон дээрээс 17 дюймын PowerBook зөөврийн компьютер болон AirPortExpress станц ашиглан бичиж байна.

Хүндэтгэсэн Стив”

Ийнхүү захидал бичин бүрэн эдгэнэ гэж найдаж байсан Стив Жобс эрүүл мэндийн шалтгааны улмаас их гүрнийхээ буцалсан ажлаас холдсон юм.

Дэлхийн түүхэнд бас нэгэн аугаа үйлийг бүтээхэд
хувь нэмрээ тасралтгүй оруулж ирсэн Steve Jobs танаа
дэлхийн бүхий л хүмүүсийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. 

THANKS


Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved