Нүүр » , , , » Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сүүлчийн бүтээл

Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сүүлчийн бүтээл

Written By Unknown on Monday, August 6, 2012 | 2:33 AM


1965 оны хоёрдугаар сарын 15-нд дунд сургуулийн ахлах ангийн сурагч Рэйнолд Курцвелл “Надад нууц байна” нэртэй шоу нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн зохион бүтээсэн компьютерийг танилцуулсан түүхтэй.


Түүний компьютертэй холбосон бичгийн машин автоматаар ажиллаж байсан нь хүмүүсийг алмайруулав. Бүтээлээс нь дутуугүй түүний цэл залуухан 17 нас хүмүүсийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн юм. Хожим ирээдүй судлаач мэргэжил эзэмшсэн тэрбээр уг явдлаас хойш 46 жилийн дараа дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн шуугиан тариад байна. 

Рэйнолд Курцвелл “2045 оноос хүн хагас робот болж мөнх амьдардаг болно” гэсэн таамаглал дэвшүүллээ. Түүнийхээр нанотехнологи биотехнологийн салбарын хөгжил энэ боломжийг бүрдүүлэх бөгөөд хүний цусанд наночипс буюу хиймэл оюун ухаан суулгаж, үүний үйлчлэлээр хүн эсийн төвшинд хувирч хагас робот болон хувирах аж. 
 
Хүн хагас машин болон хувирахад мөн гэрлийн хурдаар өөрчлөгдөн сайжирч буй компьютер багагүй үүрэг гүйцэтгэх гэнэ. Компьютерийн программ хангамж яваандаа хүний сэтгэн бодох чадварыг гүйцэж түрүүлснээр гоц ухаантай хиймэл оюун ухаан бүтээгдэх юм. Үүний үр дүнд дээр дурдсан наночипс бүтээгдэх бөгөөд тэр үед хүний бие, оюун ухаан, соёл иргэншил бүрэн автомат болох аж.

Ирээдүй судлаачийн үзэж байгаагаар энэ бол хөгжлийн гарцаагүй үйл явц, хүн төрөлхтний хөгжлийн дараагийн шат гэнэ. 2020-иод оны төгсгөлд компьютер хүний сэтгэх хэмжээнд хүртэл ажиллаж чаддаг болно, 2045 он гэхэд хүн үхэшгүй мөнх болно гэж үзжээ. Ийнхүү 34 жилийн дараа өөрөө хүсвэл л үхэх тийм мөнх амьдрал өнөөгийн биднийг угтаж буй аж. 

Анх энэ онолыг 50 орчим жилийн өмнө Английн алдарт статистикч Ирвин Жон Гуд гаргаж ирсэн юм. Тэрбээр “хэт оюун ухаантай” машин бүтээгдсэний дараа оюун санааны ертөнцөд тэсрэлт болно. Нэгэнт хиймэл оюунаас хүний тархи хөгжлөөрөө хамаагүй хол хоцорсон байх учир магадгүй “хэт оюун ухаант машин” хүн төрөлхтний сүүлийн бүтээл болж болзошгүй. Учир нь энэ машин хүмүүсийг хяналтдаа байлгана” гэж бичиж байв. 

Гудын энэхүү онолыг Курцвелл цааш хөгжүүлж, дээрх баримт нотолгоог дэлгээд байгаа нь энэ юм. Тэрбээр 2045 оноос хойш өрнөх үйл явцыг ийнхүү тайлбарлажээ. Хэт өндөр хөгжсөн программыг наночипсээр баяжуулан эсийн төвшинд үйлчлэх хэмжээнд боловсруулан хүний биед тариураар шахна. Уг наночипс судсаар тархан биологийн эд эсүүдтэй харилцан үйлчилж тархинд хиймэл оюун ухааныг суулгах аж. 

Ирээдүйг зөгнөгчийн хэлж байгаагаар уг хиймэл оюун ухаан хүнийг зөгнөлт киноны баатар шиг сэтгэл зүрхгүй, хөндий хүйтэн, харгис хэрцгий болгохгүй аж. Хагас хүн робот ёс суртахууны хэм хэмжээг дээдлэн сахиж, уран зураг, сонгодог хөгжим сэлтийг мэдрэх торгон мэдрэмжтэй байхаас гадна хайрлаж, дурлахыг ч үгүйсгэхгүй гэнэ. 

Мөн ирээдүйн робот хүн өөртөө суусан программ хангамжаа ачааллах, сүлжээндээ хувиргалт хийх замаар ганцхан товчлуур дараад л хүссэнээ хийх юм. Мөн зайлшгүй тохиолдолд уг программыг бие махбодиосоо шахан гаргаж болох гэнэ. 

Тархи, оюун ухааныг бүрэн эзэгнэх наночипс бие махбодид ч нөлөөлөн, хөгшрөлтийн явцыг зогсоон хүн төрөлхтөнд мөнх наслах боломж олгох аж. 

Ийнхүү хүн төгс оюун ухаантай, роботорхуу биетэй кибер ертөнц болж, амьдрал программ хангамжид оруулсан томъёоллын дагуу үүрд мөнх, үхэлгүй, зогсолтгүй үргэлжлэх аж. 

2045 онд технологийн хөгжил дээд цэгтээ хүрч дэлхий нэгэн аварга том компьютер болно. Энэ нь аажимдаа даамжирсаар нарны аймгийг эзлэх болно гэж Курцвелл үзэж байна.

 
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved