Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн уянга” бүжгийн хамтлагийн хүүхдүүд тун авьяастай. Тэд өнгөрсөн онд амжилт ололтоор дүүрэн байсны нэг жишээ нь Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын III уралдааны дэд байрт шалгарсан явдал юм. Түүнчлэн арваннэгдүгээр сард ӨМӨЗО-ы Ордос хотод уригдан, тоглолтоо толилуулжээ. Авьяаслаг бүжигчин хүүхдүүдийн тоглолт өвөрмонголчуудад тун их таалагдсан байна.
Түүнчлэн Ордосын эрх бүхий хүмүүс тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Замын-Үүдэд 800 хүний суудалтай шинэ театр барьж өгөхөө амласан гэнэ. Ордосын хөрөнгөөр барих театрын санхүүжилтийг энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэхээ ч мөн дуулгасан байна. Энэ сайхан мэдээг сонссон тус аймгийн Засаг дарга нь хамтлагийн багш Ч.Очгэрэлийн хөдөлмөрийг үнэлэн, иж бүрэн тавилгатай нэг өрөө байраар шагнахаар болжээ.
0 comments:
Сэтгэгдэл бичих