Нүүр » » Ө.Цэрэнчунт монголын тайзнаа Ленскийн дүрд тоглоно

Ө.Цэрэнчунт монголын тайзнаа Ленскийн дүрд тоглоно

Written By Unknown on Monday, February 25, 2013 | 5:22 PM


ОХУ-ын Санкт-Петербург хотын Римский-Корсаковын нэрэмжит консерваторид дуурийн дуулаач, багшийн мэргэжлээр суралцаж буй СТА Ө.Цэрэнчунт монголын сонгодог урлаг сонирхогчдоо “Евгений Онегин” дуурийг тоглохоор бэлтгэж байна. Монголын Дуурийн театрын уран бүтээлчид болон  Оросын Чибоксар, Белорусын Драмын театрын гоцлол дуучид, найруулагч, удирдаачид оролцох энэхүү тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо болох юм. СТА Ө.Цэрэнчунт Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн гол дүрийн нэг Ленскийн дүрд тоглох гэнэ. Тэрбээр Консерваторийн дэргэдэх Дуурийн театрын тайзнаа Ленскийн дүрд гурван удаа дуулсан ажээ. Тэрбээр энэ жил ОХУ-ын ардын жүжигчин Ольга Кондина багштайгаа хамтран Оросын нэрт хөгжмийн зохиолчдын ари романснаас бүрдсэн “Russian classics” нэртэй цомог гаргасан юм. Мөн олон улсын чанартай зургаан уралдаанд оролцож, шилдэг арий дуулаач болж, хоёр тэргүүн байр, нэг дэд байр, хоёр удаа дөрөвдүгээр байр эзэлсэн монголын шилдэг дуурийн дуулаачдын нэг билээ. Бас монголдоо гадаадын дуурийн дуулаачдыг авчирч, гурван удаа тоглолт хийж байсан юм. 

Өмнө нь гавьяат жүжигчин П.Ганбат агсан ОХУ-ын дуурийн театрын тайзнаа дуулж байсан түүхтэй. Харин Оросын дуурийн тайзыг эзэгнэсэн дуурийн Монгол Улсын хоёр дахь, гадаадын долоо дахь дуучин нь Ө.Цэрэнчунт болсон юм.

Монголын дуучдаас анх удаа өөрийнхөө хоолойг тэрбум төгрөгөөр даатгуулсан тэрбээр Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг энэ жил төгсөх бөгөөд дээрх тоглолтыг гардан зохион байгуулж байна.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved