Нүүр » , » “Гэр салон”-ы ганган будалтууд

“Гэр салон”-ы ганган будалтууд

Written By Unknown on Wednesday, January 16, 2013 | 7:00 PM


Смоки бор будалт- Эхлээд сувдан цагаан гялалзуулагчтай суурь тенийг зовхиныхоо бүх хэсэгт түрхэж өгнө. Ингэснээр дараа нь түрхэх нүдний будагны чинь өнгө илүү тод бөгөөд гэрэлтэй харагдана. Мөн тогтоцыг нь уртасгадаг сайн талтай. Нүднийхээ давхрааны хэсэгт нилэнхүйд нь бор өнгийн будаг түрхээд, хуруугаараа уусгаж өгнө. Дараа нь оргилуун дарсных шиг шаргал өнгийн будгийг зовхиныхоо дотор хэсэгт нь түрхэнэ. Энэ өнгө нь смоки будалтыг зөөллөж, дулаан болгох үүрэгтэй. Гялалзуулагчгүй, хушганых шиг бор өнгөөр зовхиныхоо нөгөө талд түрхэж, өмнөх теньтэйгээ уусган нүднийхээ хүнхэрийн дагуу багсаараа дугуйруулж будна. Дараа нь зөвхөн хүнхэрийнхээ хүрээг хуурай бор өнгөөр будна. Энэ удаад даралт өгөхөөргүй, зөөлөн багсаар будвал сайн. Зөөлөн багсаараа аль болох сайн уусгаж өгөх нь чухал. Нүднийхээ будгийг нэмэлгүйгээр, зовхиныхоо гадна талын төгсгөл хэсэгт багсаа дугуйруулвал харц өргөгдөж, сэргэлэн төрхтэй болно. Нүднийхээ доогуур харандаагаар хүрээлээд, контур зурж, нуухан хэсэгтээ цайвар тениэр гэрэлтүүлээд л будалт чинь бэлэн боллоо.

Романтик үдшийн будалт-Чамд цахирмаа цэцгийн ягаан, саарал, болон хар өнгийн тень хэрэг болно. Эхлээд давхрааны хэсэгтээ нилд нь цахирмаа цэцгийн ягаан тениэ түрхэнэ. Хэт тод биш ч, ялдам, эмэгтэйлэг энэ өнгө нь үдшийн уур амьсгалтай сайхан тохирдог. Будсан хэсгийнхээ хөвөөний дээгүүр зөөлөн мөнгөлөг саарал өнгийн тениэ түрхэж хооронд нь уусгана. Дараа нь дугуй бийрэн багсыг ашиглан хар өнгийн тениэр нүднийхээ зөвхөн хүнхэр хэсэгт түрхэж, бусад будагтайгаа дотогш нь уусгана. Чавганы өнгөтэй будгийг зовхиныхоо доод хэсэгт түрхсэнээр нүд чинь илүү өргөн харагдана. Нүдээ хүрээлж, контурдаад, хацраа шүрэн улаавтар туяатай өнгөлөгчөөр өнгөлөөрэй.

Давхраагүй нүдний будалт-Чамд хүрэн өнгийн тослог, зөөлөн харандаа, мөнгөлөг болон цайвар шаргал өнгийн тень хэрэгтэй. Эхлээд зовхины тосоо түрхээд, харандаагаараа зовхины дээд хэсгийг будна. Нүдний гадна төгсгөлөөс дотогш нь чиглэлтэйгээр, хагас зууван хэлбэрийн шугам зурж түүнийгээ битүүлж будна. Нарийхан, жижигхэн үзүүртэй багсаар саяын зурсан хэсгийнхээ дээгүүр уусгаж өгнө. Дараа нь харандаагаар доод зовхиныхоо гаднаас, нүднийхээ тал хүртэл зур. Мөнгөлөг тениэрээ зовхины зөвхөн дотор талыг багсаараа зөөлөн дарах маягаар будаж, хар тениэр муурын нүдэн контур тавих мэт нүднийхээ гадна талыг уртасгаж будна. Доод зовхины шугам дээш үргэлжилж байгаагаар төсөөлж, тэр өнцгийн дагуу хар тениэрээ зураарай. Нүдний хүнхэрийн дагуу дотогш нь уусгаад, нуухан хэсгийг гэрэлтүүлж, контур сормуусны будаг түрхээд бэлэн болно.

“Давхар далавч” будалт-Miss A хамтлагийн Touch дууны клипнээс санаа авсан энэ будалтыг хийхдээ эхлээд мөнгөлөг өнгийн тениэр зовхио нилэнхүйд нь будаж суурь тавина. Нуухны хэсгээ ч бас бүү орхиорой. Дараа нь хуурай /матте/ хар өнгийн тениар түрүүнд нь будсан тойргоо гадна талаас нь хүрээлэх маягаар өнцөг үүсгэж будаж уусгана. Гелен контурт нарийхан бийрэн багсаа дүрээд, будалтныхаа дотор хүрээг нь дагуулж хошуу зурах маягаар хүрээлнэ. Доод шугамыг дээдээс нь арай урт зураарай. Шугамаа дээр, доороос нь зузаалж бүдүүрүүлнэ. “Далавч”-аа аль болох урт, бас шулуун зураад, өнцгийг нь хуруугаараа уусгаж өгөөрэй. Хар саарал тениэрээ контурынхаа хурц ирмэгийг уусгаж зөөллөөд, зовхиныхоо дээд хэсгийг хүрээлнэ. Зовхиныхоо доод хэсэгт “далавч” зурахын тулд дээд зовхиныхоо төгсгөлийг доош нь үргэлжилж байна гэж төсөөлөн /эсвэл шугам тавьж байгаад/ зурна. Доод “далавч” чинь арай бүдэг, мөн хурц биш байвал сайн. Хамгийн сүүлд саатай гялалзуулагчийг доод зовхиныхоо голд түрхэнэ.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved