Энэ жилийн өнгийг тодорхойлох “Бага наадам” буюу сар шинийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм. 1963 оноос анх гараагаа эхэлж байсан бөхийн барилдаан эдүгээ 50 дахь жилтэйгээ золгож байгаа билээ. 1991 оноос эхлэн цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болгосон “Бага наадам”-д Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13, Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх найм, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, дархан аварга Ж.Мөнхбат зургаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат даян аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат улсын дархан аварга Д.Хадбаатар нар гурав түрүүлжээ.Мөн тус барилдаанд аймгийн цолтой бөхчүүд түрүүлж, бөхийн шинэ түүхийн хуудсыг нээсэн. Тухайлбал 2010 онд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба, 2011 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар аймгийн арслан цолтойдоо түрүүлжээ. Түүнчлэн улсын арслан Б.Ганбат, улсын харцага Ц.Магалжав нар аймгийн арслан цолтойдоо босго өндөртэй уг барилдаанд үзүүрлэж байсан түүхтэй. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялсан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө яг одоо эхлэх гэж байна.
0 comments:
Сэтгэгдэл бичих