Нүүр » » Хятадын баячууд могойгоор амьсгалж байна

Хятадын баячууд могойгоор амьсгалж байна

Written By Unknown on Wednesday, February 6, 2013 | 7:07 PM

Хятадын Цагаан сар манай битүүнд буюу энэ сарын 10-нд болно. Луу жилийг үдэж, могой жилийг угтан авах энэ жилийн цагаан сарын баярт хятадууд эртнээс бэлдэж, гадаад руу дэлгүүрч хэсч, гэр орондоо үнэтэй цайтай эд худалдан авах, бас ойр дотныхноо гарыг нь цайлгах бэлэг барьцаа базааж байгаа гэнэ.Дэлхийн хоёр дахь баян гүрэн болоод Хятадын шинэ баячууд урьд бол улаан дугтуйнд цөөн хэдэн юань хийгээд бэлэглэдэг байсан уламжлалаа баяжуулж, брэндийн бэлэг солилцох болсон байна. Дэлхийн хамаг л үнэтэй брэндүүдийн гол худалдан авагчдын нэг болсон хятадуудын энэ эрэлт хэрэгцээг хангахаар томоохон брэндүүд дор бүрнээ л маркетингийн арга сэдэж байна. Аливаа юмны бэлгэшээлд ихээхэн анхаарал хандуулдгийг нь бодолцож ирж буй жилийн амьтны дүрс бүхий тансаг эдлэлүүдийг тэд худалдаанд гаргадаг болжээ.Тухайлбал, "Bulgari" брэнд могойн хэлбэр дүрс бүхий алтан бугуйвч худалдаанд гаргасан нь 54 мянган ам.доллараар зарагдаж байна. Тэгвэл "Vacheron Constantin" бүр 150 мянган ам.долларын үнэтэй могойн зураг дүрстэй цаг худалдаанд гаргаад байна. Хагас сар үргэлжилдэг уламжлалт баяртаа ихээхэн ач холбогдол өгдөг хятадууд Америкийн одод амьдардаг Беверли Хиллс хүртэл нисч, Цагаан сарын бэлтгэлээ базаадаг болсныг Хятадын баячуудад зориулсан тусгай аялал зохион байгуулагчид хэлж байна. Бүр Нью-Йоркийн дэлгүүрүүд Хятадын  цагаан сард зориулаад цонхонд дэлгэсэн барааны сонголтоо өөрчилж, мандарин хэлээр ярьдаг худалдагч бэлтгэсэн байна. Хятадууд эд баялаг, алт мөнгө бэлгэдсэн зүйлд ихээхэн дурладгийг нь мэдэх "Harrods" дэлгүүрийнхээ Лондон дахь салбартаа 5-100 граммын алтан гулдмайг 320-5700 ам.доллараар худалдаалж байгаа нь өндөр эрэлттэй байгаа энэ.Жил ирэх тусам бэл бэнчин нь зузаарсаар байгаа Хятадын баячуудад зориулан Роллс-Ройс өнгөрсөн жил луу жилийг бэлгэдэн тусгай загвар гаргаж, 1.3 сая ам.доллараар худалдаалж байсан удаатай. Суудлын бүрээсэнд нь алтан утсаар луу оёсон энэхүү тусгай загвар найман долоо хоногийн дотор зарагдаж дууссан гэдэг. Энэ жилийн хувьд Хонконг, Шанхай, Бээжингийн баячуудын дунд 12 жилийн зурагтай Жонни Уолкерийн тусгай вискинүүд шуураад өнгөрсөн гэнэ. 12 жилийн амьтны дүрс бүхий 12 өөр төрлийн вискийг "Johnnie Walker" гаргаад тус бүрийг нь 4800 ам.доллараар зөвхөн өөрийн гишүүнчлэл бүхий хүмүүст худалдаалсан байна. Тэд энэ вискийгээ ердөө 88 ширхэг гаргасан нь бас л хятадуудын сэтгэлийг хөдөлгөх арга болж чаджээ.Иймэрхүү үнэтэй, дээд зэрэглэлийн брэндүүдээс гадна түгээмэл хэрэглэдэг брэндүүд ч могой жилийн бэлгэдлийг бүтээгдэхүүндээ тусгах болжээ. Тухайлбал, "Addidas" брэнд могойн зураг бүхий 120 ам.долларын үнэтэй спорт гутал худалдаалж эхэлжээ.
Бусдад түгээх :

0 comments:

Сэтгэгдэл бичих

 
Copyright © 2013. КУДС - All Rights Reserved