Монголын кино үйлдвэр 1935 онд анх байгуулагдаж "Майн 47 жил", "Октябрийн хувьсгалын
19 жил"-ийн ойн баяр ёслолыг өөрийн эх оронд хэрхэн тэмдэглэсэн тухай тус бүр нижгээд бүлэг кино бүтээснээр намтрын хуудсаа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш эх орны түүхэн хөгжлийн 75 илүү жилийн ололт амжилт, алдаа оноо аль бүхний амьд үнэн он дарааллын бичиглэлийг Монголын баримтат кино өөрийн хэлээр түүхийн алтан сан хөмрөгт мөнхлөн дархалсаар өнөөг хүрч ирлээ. Үүнд үхэр тэрэг, тэмээн жингээр хөсөглөн мөлхөж явсан малчин монгол хүн галт тэрэг, тэнгэрийн хөлгөөр зорьсноо гүйцэлдүүлж бас сансрын уудамд хүртэл элчээ илгээн, тив дэлхийн түүхэн хөгжлийн өсөлт өөрчлөлт бүртэй алхаа нийлж өнөөтэй золгохдоо тойрч гараагүй, дайрч давсан хүндрэл бэрхшээлт үе шатуудыг ч цагийн үнэнээр нь мөнхөлсөн 1000 гаруй нэрийн 2168 бүлэг баримтат кино бүтээл, түүний эх 2 сая гаруй метр эх материал, дуу дүрсийн хамт амьд бичиглэлээр тусгаар Монгол Улсын маань туулсан их замналын түүхэн сан хөмрөг баяжсан билээ.
Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонготой ярилцлаа.
-Дэлгэцийн урлагийн хамгийн ууган байгууллага болох Монгол кино нэгтгэл дампуурч дууслаа. Гол буруутан нь таныг гээд гадуур шуугиж байна. Хүмүүсийн яриад байгаагаар "Түүхийн хүрд" баримтат киног хийх шаардлагаүй юм биш үү?
-Энэ яриад байгаа "Түүхийн хүрд" гэдэг баримтат киног зөвхөн Монголд ч хийдэг юм биш. Орос Хятадад хийдэг, АНУ, Польш, Германд ч мөн хийдэг юм. Улс үндэстэн бүр түүхэн баримтат үйл явдлуудаа кино болгон авч үлддэг онцлогтой. Үүнийг тухайн улс үндэстний засаг төр нь санхүүжүүлж, хариуцан хийлгэдэг байх ёстой. Манай улсын түүхийн хуудаснаа 1940-өөд оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд болсон гол үйл явдлууд дүрс, дуу, бичлэгтэйгээ хоёр сая метр кино хальс бүхий баримтат кино манай кино архивт бий. Энэ түүхэн материалууд ирээдүйд хойч үед маань амьд дуу дүрсээр үлдэж түүхч эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны ажилд эх сурвалж гарын авлага болох чухал ач холбогдолтой. Жишээ нь өнөөдөр л гэхэд БНХАУ-ын парламентын байнгын хорооны дарга У Бангоугийн айлчлалыг авч байна. Хальсны кино өөрөө өндөр өртөгтэй шат дамжлага ихтэй нарийн процесстой болохоор бүх үйл явдлыг кинонд багтаах боломжгүй зөвхөн чухал ач холбогдолтой үйл явдлыг л баримтжуулан авдаг.
-Баримтат кино хийхийн тулд улсаас сард 10 сая төгрөг авдаг, түүнийг хувьдаа завшдаг гээд гадуур шуугиж байна шүү дээ?
-"Түүхийн хүрд" баримтат киног хийж байгаа тоног төхөөрөмж нь 1970-аад оных юм. XXI зуун, техник технологийн эринд манайх шиг аль дээр үеийн тоног төхөөрөмжөөсөө салаагүй кино үйлдвэр байхгүй. Бүгд л Америкийн (кодак) технологид шилжчихлээ шүү дээ. Бид ч бас орчин үеийн технологид шилжиж баримтат киноныхоо чанарыг сайжруулъя гээд 10 жил хөөцөлдөж байна. Уг нь орчин үеийн хальс угаадаг тоног төхөөрөмж захиалж хийлгэхэд дөрвөн сая доллар болох юм. Энэ асуудлыг шийдэж өгөхгүй байгаад нь төр засгийг буруутгахаасаа урьдаар улс орны боломж бололцоо болохгүй байна гэж бодоод л яваа юм шүү дээ. Ялих шалихгүй юм гадуур яриад яваа хэдэн нөхдийн бодож байгаа шиг хувьдаа завшсан юм надад байхгүй ээ. Жилд 12 бүлэг баримтат кино хийж байна. Манай кино үйлдвэрийн тоног төхөөрөмжид таарах хальсны үйлдвэрлэл бараг зогсчихсон. Бид хальсаа хаанаас яаж авч байгааг мэдэж байгаа юм уу. Жилд 12 бүлэг баримтат кино хийхэд хичнээн мерт хальс шаардлагатай болдгийг, түүнд хичнээн хөрөнгө шаардагдахыг намайг эсэргүүцээд байгаа Х.Дамдин, Д.Цэнддорж нарын хүмүүс өөрсдөө мэдэх ёстой шүү дээ. Харин 1990-1996 онд өөрсдөө энэ ажлыг хариуцаж байх үедээ юу ч хийгээгүй.
-Хамгийн гол асуудал нь кино хальсаар баримтат кино хийж байгаад байгаа юм биш үү. Орчин үеийн дижитал технологиор хийж болдоггүй юм уу?
-Кино хальсаар бичлэг хийнэ гэдэг бол хамгийн өндөр чанар гэсэн үг. Мэргэжлийн хүмүүс мэднэ л дээ. Хальсан дээр бичсэн дуу, дүрс хэзээд чанараа алддаггүй онцлогтой. Бид түүхээ бичиж үлдээж байгаа юм чинь хойч үедээ он удаан жил хадгалагдах боломжтой шалгарсан технологийг үлдээх ёстой биз дээ. Харин тэр арилжааны киночдын яриад байгаа шиг дижитал технологи юм уу видеогоор бичлэг хийвэл техник технологийн дэвшилтэт зуунд хэр удаан хадгалагдаж болох вэ гэдэг нь асуудалтай. Саяхан л HD технологи гэж ярьж байлаа. Одоо тэгвэл түүнийгээ давсан 2K, 4K технологи хүчээ авч байна. Технологи өөрчлөгдөх бүрт түүнд тохируулж тоног төхөөрөмжөө өөрчлөөд явах боломж байхгүй. Орчин үед технологи гурван жилийн дотор л өөрчлөгдөж байна. Тиймээс түүхийн баримтыг дижитал технологи эсвэл видеогоор бичиж хадгалахад дараа нь сэргээж үзэж болно гэсэн баталгаа бидэнд алга. Сүүлийн үеийн видео хальсны заавар дээр 4-5 жил хадгална гэж заасан байдаг. Өнөөдрийн хийж байгаа дижитал бичлэгүүдийг 10 жилийн дараа унших төхөөрөмж байх уу үгүй юу гэдэг нь өөрөө асуудалтай байхгүй юу. Жишээ нь одоо 10 жилийн өмнө VHS хальсаар авсан бичлэгийг үзэхэд хүндрэлтэй айл бүрт приставк байхгүй болсон. Харин кино хальс бол өөр хэрэг. Хэзээд түүнийг сэргээж олон хувилж болдог. Дэлхийд кино үзвэрийн ганц л стандарт байгаа нь 35 мм-ийн кино хальс. 1970-аад оны үед хийгдэж байсан монгол кинонууд одоо ч цоо шинэ эх хувилбараараа хадгалагдаж байна. Телевизүүдээр гараад байдаг нь зөвхөн хуулбар нь. Олон жил ашигласан кино хальс зурагдаж үнгэгдээд чанар нь мууддаг. Тэгвэл дахиад хэд хувилан олшруулж болох жинхэнэ эх бичлэг нь шинээрээ манай кино архивт бий. Тэр ч бүү хэл анх кино хийж эхлэх үе буюу 1870-аад онд кино хальсанд буулгасан дүрс бичлэг одоо хэр нь бүрэн бүтнээрээ хадгалагдаж байдаг. Цаашдаа ч "Түүхийн хүрд" баримтат киног кино хальсан дээр бүтээнэ.
-Та түрүүнд хэлсэн "Түүхийн хүрд" баримтат кино яагаад тасарсан тухай тодорхой ярих уу?-Энэ тухай ярихын өмнө би нэг зүйлийг тодруулмаар байна. Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонго гэдэг хүн олон жилийн түүхтэй энэ байгууллагыг мөлжиж дууслаа. Түүнийг албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийнхнийг миний эсрэг турхирч байгаа Х.Дамдин гэдэг хүн олон жил миний улыг шагайлаа. Тэр хүн намайг матсаар байсан. Би шалгуулсаар л ирсэн. Нэгэн баримт дурдахад 2001 оны тавдугаар сард тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай байгууллагыг шалгасан юм. Тэр нь бас л Х.Дамдингийн хатгалгаар болсон хэрэг. Тэгээд ажлын хэсгийн дүгнэлт юу гэж гарсан бэ гэхээр "Монгол Улсын түүхийн хувьд нэн эгзэгтэй, шилжилтийн үе болох 1990-1996 онуудад болсон түүхэн үйл явдлыг кино хальсанд буулган авч бүтээх ёстой байсан "Түүхийн хүрд" кино мэдээнээс нийт 58 бүлэг эх негатив дуу дүрс, дуутай позитив хувиудыг огт хийгээгүй, улсын архивт шилжүүлээгүй байна" гэсэн баримт гараад ирж байгаа байхгүй юу. Гэтэл би үүнийг мэдэлгүй 1997 онд ажил авсан. Яг энэ кино мэдээ хийгдээгүй онуудад одоогийн зарга хийгээд яваа Х.Дамдин, Д.Цэнддорж нар тус тус Баримтат кино студийн захирлаар ажиллаж байсан. Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр "Түүхийн хүрд" кино мэдээний олон дугаарыг тасалдуулж улсын төсвийн мөнгийг тасалдуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэсэн санал гарч байсан. Гэвч би тэр үед за яахав, байгууллагын дотоод асуудал гэж бодоод өнгөрсөн юм. Тэр маань их буруу байж. Тухайн үед өөрсдөө юу ч хийлгүй улсын төсвөөс мөнгө завшсан хүмүүс одоо намайг элдвээр хэлж яваад их харамсч байна. Мөнгө төгрөг нь яахав гэхэд Монгол Улсын түүхийн нэн эгзэгтэй үеийн дүрс одоо кино архивт байхгүй гэсэн үг. Үүний хариуцлагыг Х.Дамдин, Д.Цэнддорж нараас нэхэх ёстой.
-Улс орны түүхийг үнэн бодитоор нь үлдээх ёстой мөнгийг завшсан нь зөвхөн байгууллагын дотоод асуудал биш биз дээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Одоо ч тэр нэр дурдсан хүмүүст хариуцлага тооцож болох юм биш үү?-Энэ баримтыг олон нийтэд зарлаагүй байгууллагын дотоод асуудал гэж хав дарсан нь үнэхээр миний буруу. Энэ баримтыг зөвхөн энэ удаа танай сонинд л дэлгэж байна. Цаашид ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно. Би тэдний хийгээгүй орхисныг хийж, дутуу хаясныг нь гүйцээн хийж ирсэн нь буруу болоогүй юм бол тэд надад өс санаж явах учиргүй. Тэдний дутуу орхисон кино мэдээнүүдийг бид өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж хийсэн баримт нь 2001 оны ажлын хэсгийн дүгнэлтэд байж байгаа.
-Өөрийн хөрөнгөөр гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Улсын төсвөөс бүрэн санхүүждэг байсан зарим байгууллагын статусыг өөрчилж аж ахуйн нэгж болгосон юм. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэсэн үг. 2000 оноос хойш Улсын цирк, манай хоёр үйл ажиллагаанаасаа санхүүждэг аж ахуйн нэгж болсон юм. Тэгээд 2000 оноос хойш энэ байгууллага тогтвортой ажиллаж байна шүү дээ.
-Монгол кино нэгтгэл өөрийгөө хэрхэн санхүүжүүлж байна вэ?
-Сар тутамд гардаг "Түүхийн хүрд" баримтат кино мэдээний зардал буюу жилд 110 сая төгрөгийг улсын төсвөөс авдаг. Бусад үед өөрсдөө кино хийх энэ тэр ажлаас орлого олж байр саваа засварлан янзалж, дэлгэцийн урлагийн ууган байгууллагын энэ өргөөг нураачихгүй авч явна шүү дээ. Х.Дамдин гуай, Д.Цэнддорж нарын үед манай уран бүтээлийн заалнууд чинь арьс шир давсалдаг агуулах болчихсон байлаа шүү дээ. Харин одоо бол засаж цэвэрлэж аваад уран бүтээл хийж байна. Нэг студид нь "Боловсрол суваг" телевизийн нэвтрүүлгийн зураг авч байна. Өөрөөр хэлбэл зориулалтын дагуу ашиглаж байна. Гэтэл гадуур янз бүрийн худлаа цуурхал тарааж яваа хүмүүс Монгол кино нэгтгэлийн заалнууд нь барилгын материалын агуулах болчихсон гээд ярьж явна лээ. Тэгж болохгүй л дээ. Аль арван жилийн өмнөх төсөөллөөр ярьж яваа улс байна билээ шүү дээ. Мөн намайг дээр үеийн машинуудыг бүгдийг нь төмрийн хогонд өгчихсөн гэж ярина билээ. Саяхан хүртэл тэр машинуудаар манай байгууллага Сүхбаатарын талбайд байгууллагынхаа зогсоол дээр үзэсгэлэн гаргасан. Дээр үеийн модон кабинтай машин хүртэл тэр дунд бий. 1920 оны 10 машиныг сэргээн засварлаж түүхийн ховор үзвэр болгосон гэж Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон бусад холбоодын санал асуулгаар намайг "Онц тээвэрчин" гэдэг цол тэмдгээр шагнасан шүү дээ.
-Таныг Монгол кино нэгтгэлийн эзэмшил газрыг зарсан, байгууллагынхаа нэр дээр байр завшихыг санаархсан гээд байгаа шүү дээ?
- Монгол кино нэгтгэл нэгэнт биеэ даасан аж ахуйн нэгж болохоор өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглаад ажилчдынхаа орон байрны асуудлыг шийдэх боломжтой гэж би боддог. Тэгээд 2002 оноос эхлэн яригдсан зүйлийг "Зүмбэр орд" гэдэг барилгын компанитай 2009 онд гэрээ хийж, газар дээрээ барилга бариулахаар болсон. Гэрээний нөхцөл мэдээж хэн хэндээ ашигтай. Барилгын компани манай газар дээр барилга барьснаараа бидэнд 10 байр үнэ төлбөргүй өгч бусад байраа манай ажилчдад хөнгөлөлттэй үнээр зарна гэсэн гэрээ л дээ. Гэтэл яг өгч авдаг дээрээ болоход барилгын компанийнхан гэрээгээ зөрчиж 10 биш хоёрхон байр өгөх болсон. Манай нягтлан бид хоёрт нэг нэг байр өгөөд тохирчихъё гэж хүртэл хэлж байсан. Би харин зөвшөөрөөгүй. Тэгээд Баянзүрх дүүргийн шүүх, Хотын шүүх, Дээд шүүхээр заргалдаж байж гэрээний нөхцлөөрөө авах болсон юм. Түүнээс биш гудамжинд яваа хэдэн хүмүүсийн хэлж байгаа шиг тийм увайгүй үйлдэл би хийгээгүй гэж бодож байна. Ажилчдадаа орон сууц бариулах чинь бүтээн байгуулалт болохоос биш дампууруулж, эвдлэн сүйтгэж байгаа хэрэг биш биз дээ. Ямар ч байгууллага ажилчныхаа нийгмийн асуудалд санаа тавьж орон байрных нь төлөө санаа тавих үүрэгтэй байдаг. Х.Дамдин тэргүүтэй хүмүүс өөрсдөө энэ байрнаас завших гэж яваад бантсан хүмүүс.
-Юу гэсэн үг вэ?
-Манай нэгтгэлд ажиллаж амьдарч явсан 180 гаруй ахмад бий. Мөн Монгол кино нэгтгэл өөрийн ахмадын хороотой. Манай ахмадын хороо үр дүнтэй ажил санаачлан хэрэгжүүлдэг. Гэтэл нэг л өдөр 20 гаруй хүнтэй "Монгол кино нэгтгэлийн "Монгол кино" ахмадын хороо" гээч юм гараад ирсэн. Сайндаа ч биш шунахайн сэдлээр нэгдсэн Цэнддорж, Дамдин нарын хэсэг хүмүүсийн санаачилгаар байгуулагдсан ТББ юм. Учир нь манай байгууллага ажилчдын байрны асуудлыг Зүмбэр орд барилгын компанитай шүүхдсээр байж саяхан өөрсдийнхөө талд шийдүүлсэн юм. 2013 оны оны нэгдүгээр сарын наймны өдөр шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Гэтэл Монгол кино нэгтгэл "Зүмбэр орд" компаниас 10 байр авах нь тодорхой боллоо гэдгийг мэдэнгүүтээ л Д.Цэнддорж, Х.Дамдин нар Монгол кино нэгтгэлийн "Монгол кино" ахмадын хороо гэдэг тамга тэмдгийг авч "Зүмбэр орд"-д байр олго гэсэн өргөдлийг манай байгууллагын өмнөөс гаргасан байгаа юм. Манай байгууллагын дэргэд 180 гаруй ахмад байхад тэдэнтэй ч зөвлөлгүйгээр өөрсдийнхөө нэрийг зоосон өргөдөл гаргасан хүмүүс бол Х.Дамдин, Д.Цэнддорж нар юм. Чоно борооноор гэдэг болсон байгаа биз. Манай нэгтгэлийн ахмадууд цех цехээрээ хуралдаж нэг нэг хүнийхээ нэрийг байр авах хүнээр тодруулж байна. Гэтэл тэд өөрсдийн байгуулсан ТББ-ын нэрийг ашиглаж ар хударгаар юм хийж яваа улс байхгүй юу. Би тэдэнд хүсээд байгаа байрыг нь шууд өгчихлөө гэхэд бусад нь яах болж байна вэ. Ний нуугүй хэлэхэд Х.Дамдин, Д.Цэнддорж нар зөвхөн өөрсдөө байртай болохын тулд бусдыг миний эсрэг турхирч энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хууль бус ТББ хүртэл байгуулчихаад яваад байгаа.
-180 гаруй ахмад байгаа юм байна. Гэтэл 10-хан байр байдаг нь тоогүй юм даа?-Харин тийм. Гэхдээ тэд маань бага гэж гололгүй хоорондоо хэлэлцэж зохицоод 10 байраа авахаар болсон. Тэд хэн шударга явсандаа дуу нэгтэйгээр өгөх нь ойлгомжтой юм. Х.Дамдин гуай уран бүтээлийн хувьд мундаг хүн ч гэлээ хамт олонч хүн байгаагүй, одоо ч тэр л хэвээрээ бололтой. Тийм болохоор түүнд хамт олны хурлаар байр ноогдохгүй гэдгийг мэдэж байсан учир ийм хувийн тоглолт хийж яваа болов уу гэж боддог. Мөн "Зүмбэр орд" болон манай байгууллагад ялагдсан хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгж бий. Миний бодлоор тэд хумсаа нуусан муур шиг хөшигний араар нуугддаг хүмүүсийн хөдөлгөж байгаа утсан хүүхэлдэйнүүд болчихжээ. Яагаад энэ хэдхэн хүн Монголын киноны нийт ахмадыг төлөөлж яваад байдгийн бэ. Монгол кинонд ажиллаж байсан 180 гаруй ахмад уран бүтээлчид, инженер техникийн ажилчид бидний хийж бүтээж байгаа ажлыг дэмжиж талархаж явж байна. Харин Х.Дамдин, Д.Цэнддорж нар болон хэл ам хийгээд гадуур яваад байгаа кино үйлдвэрээр сүүлийн 10-аад жилд нэг удаа ч шагайж үзээгүй Ганболд мэтийн улсууд Монголын киног төлөөлөхгүй. Нарийн учир мэдэхгүй залуучуудыг үүндээ хамруулж битгий турхир.Нийтийн эрх ашгийн төлөө бүтээн байгуулалт хийж байхад яагаад надад хорсоод байдгийн бэ. Зөвхөн хувийн эрх ашгийнхаа төлөө намайг төдийгүй бүхэл бүтэн байгууллага хамт олныг доромжилж байгаа хүмүүстэй бас уулзах газар бий. Эдгээр улсуудад хандаж хэлэхэд хийх ажилгүй хүн матаж, гүжирдэж явахын оронд үр хүүхэд, ач гучаа асарч хүмүүжүүл, юм бүтээ, бий болго, ном дурсамжаа бич, үүнийг нь харин бид дэмжихэд бэлэн байна. Төрсөн гэр орон руугаа хүн нулимж шороо цацдаггүй юм шүү.
Эх сурвалж мэдээ.мн
0 comments:
Сэтгэгдэл бичих